ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

УВС АЙМАГ "ГУДАМЖ" ТӨСЛИЙГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

2015-12-07

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Увс аймагт хэрэгжсэн “Гудамж” төслийн замыг хүлээн авах ёслолд оролцож, үг хэлсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт аймаг бүрийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хот, аймгуудын төвийн авто замын нөхцлийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Улсын хэмжээнд хоёр аймагт хэрэгжсэн Гудамж төслийн хүрээнд Улаангомд 10.5 км авто зам, 2.1 км 8 уулзвар тойрог, 14.5 км явган хүний зам, 2.1 км дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, газар доорх инженерийн байгууламж бүхий стандартын шаардлага хангасан цогц гудамж байгуулсан.

Шинэчлэлийн Засгийн газар 1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, 2013 оноос “Гудамж" төслийг Улаанбаатар хот болон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн болохыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцолсон.

З.ЭНХБОЛД: Увсчууд та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт аймаг бүрийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хот, аймгуудын төвийн авто замын нөхцлийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Шинэчлэлийн Засгийн газар, 1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачилгаар 2013 оноос “Гудамж төсөл”-ийг Улаанбаатар хот болон зураг төслөө бэлэн болгосон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт 24 уулзварыг шинэчилж 20 гаруй км замыг шинээр барьж Архангай, Увс аймагт хэрэгжүүлсэн “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ замуудад 70 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна. Увс аймгийн Улаангом хотод гэхэд 10.5 км авто зам, 2.1 км найман тойрог, 14.5 км явган зам, 2.1 км дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, гэрлэн дохио, инженерийн шугам сүлжээг хүчитгэсэн лотки, гүүр хоолой, ногоон байгууламж бүхий авто замыг маш богино хугацаанд барьж, өнөөдөр ашиглалтанд хүлээн авч байна.

“Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлэхэд амар хялбар байгаагүй. Улсын нийслэлд ч, аймгийн төвүүдэд ч хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, замбараагүй газар олгосоны уршгаар зам тавих газрыг чөлөөлөх ажил багагүй бэрхшээлтэй тулгарсан. Батболд захиралтай “Гудамж төсөл”-ийн баг, аймаг, хотын удирдлага, иргэдийн хамтын ойлголцол, хүчин чармайлтын үр дүнд Улаанбаатар болон дээрхи гурван аймагт энэ төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэж байна.

Энэ ажлыг Увс аймагт сайн зохион байгуулсан аймгийн удирдлага, гүйцэтгэгч “Шинжан Шин фа” компани, хамтран ажилласан Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, “Цахилгаан холбоо”, “Ундарга Увс”, “Дэвшил Увс”, компани болон замын ажилд оролцсон нутгийн иргэд, төрийн бодлогыг дэмжиж газраа чөлөөлж өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, нийт Увсчууддаа талархал илэрхийлье.

“Гудамж" төслийн хүрээнд баригдсан замд иргэд, жолооч, үйлчлүүлэгчид талархалтай хандаж байна. Энэхүү бодлого цаг үеэ олсон зөв ажил байсан учраас цаашид “Гудамж төсөл”-ийн ажлыг үргэлжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг бусад аймгууд УИХ, Засгийн газрын түвшинд удаа дараа тавьж байна. Тийм учраас бид “Гудамж төсөл”-ийн ажлыг цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Одоо “Гудамж" төслийн хүрээнд баригдсан замаа хамгаалах, байнга засаж тордох нь чухал гэдгийг анхаарч, энэ ажлыг орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтын хүчээр шийдвэрлээд явна гэдэгт итгэж байна. Сүүлийн үед зарим нэг төрийн өндөр алба хашиж буй эрхмүүд төрөлх нутгийнхаа бүтээн байгуулалтыг үгүйсгэсэн, улс төрийн өчүүхэн хонжоо олох зорилготойгоор худал мэдээлэл цацаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Увс аймагт хэрэгжсэн “Гудамж төсөл”-ийг мөнгө угаасан, ямар ч үр дүнгүй, чанаргүй ажил болсон мэтээр ярьж, бичиж байна. Худал үг хэдий хортой ч үнэнд гүйцэгдэнэ гэдэг. Бид өнөөдөр энэ төслийн хөрөнгөөр барьсан замыг дэд бүтцийн хамт хүлээн авч байгаа нь бодит үр дүн. Манай Увсчууд бүтээлч сэтгэлгээтэй, хөдөлмөрч ард түмэн гэдгийг би мэднэ. Та бүхэн 2013-2015 оны хооронд 1000 өдөр уйгагүй хөдөлмөрлөж, ихийг бүтээн байгуулсан учраас Увс аймаг 2015 онд шилдэг аймгаар шалгарсан. Энэ бол та бүхний амжилт, нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр дүн учраас Увсчууддаа баярлалаа. Цаашид энэ амжилтаа бататгаж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа нэг баг болж, илүү эрч хүчтэй ажиллаж, төрөлх Увс нутгаа цэцэглүүлэн хөгжүүлэхийг Та бүхэндээ уриалж байна.