ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

НӨУБ-ЫН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ

2015-10-22

НӨУБ-ЫН  ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ  БОЛГОХ  НЬ

 

Монгол улсын шинэ  Үндсэн хууль 1992 онд батлагдсанаар  Нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдаж, аймаг, сумын ИТХ-ын 6 удаагийн сонгуулиар сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид   тус байгууллагыг хөгжүүлэх, төлөвшүүлэхийн төлөө  чармайн  ажиллаж ирсэн билээ.

      Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн ИНХ-ын дарга нар сонгуулиар бараг бүрэн өөрчлөгдөж, цөөхөн төлөөлөгчид  дахин сонгогдож  байдаг онцлогтой юм.

   Нутгийн өөрөө удирдах ёсны онолын үндэслэл, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Үндсэн хуулийн үзэл баримтлал, түүний хүрээнд бүрэлдэн бий болсон эрх зүйн орчин, хурлын байгууллагын практик үйл ажиллагааны төлөвшилтийн явцыг цогц байдлаар авч үзэж түүний эрх зүйн орчныг  боловсронгуй болгох  шаардлагатай байна.  Жишээ нь:  Орон нутгийн ИТХ-ыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг УИХ-ын тамгын газарт хариуцуулж Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын эрх зүйн орчны болон практик үйл ажиллагааны төлөвшлийг улсын хэмжээнд нэгтгэн судлах, НӨУБ-ын боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх, дадлага туршлага солилцох, судлуулах ажлыг хийх хэрэгтэй.

 Нутгийн өөрийн удирдлага  хэрэгжих үндсэн нөхцөл нь төсөв, санхүүгийн баталгаа байдаг. Төсвийн тухай хуулиар Хуралд орон нутгийн төсвөө баталдаг эрх мэдлийг олгосон боловч  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх  хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний талаар олон нийтийн нээлттэй санал асуулга явуулж багийн ИНХ хэлэлцэж тэргүүлэх ач холбогдлоор эрэмбэлээд гаргасан шийдвэрийг сум, дүүргийн ЗДТГ дахин эрэмбэлэхээр хуульд тусгаснаар Нутгийн өөрөө удирдах  шууд ардчиллын байгууллагын шийдвэрийг сум, дүүргийн ЗДТГ өөрчлөх эрхтэй болсон. Багийн ИНХ-ын гаргасан шийдвэр  өөрчлөгдөхгүйгээр төсөвт тусаж байхаар хуулинд зааж өгмөөр байна.

        Мөн төсвийн төслийн боловсруулалтын шатанд Хурал оролцож Сангийн яаманд саналаа хүргүүлдэг

боловч Сангийн яамны ирүүлсэн тоо, саналд багтаан албан байгууллагуудын шууд шилжүүлэг, хөрөнгө оруулалтын ажил, төсвийг  ёсчлон батласан хэвээр байна.    

        Орон нутгийн төсөвт орох боломжтой орлогыг  Сангийн яам руу татаж  төвлөрүүлж,  орох    магадлал

багатай, багахан хэмжээний  орлогыг орон нутагт үлдээж байгаа хуулийг өөрчилж улсын төсвөөс санхүүжилт их авдаг аймгуудад орон нутгийн бүх орлогыг үлдээж  “Орон нутгаас хөгжил эхлэнэ” гэсэн  уриаг хэрэгжүүлмээр байна. 

 Үндсэн хуулийн талаас нь авч үзвэл хурлын шийдвэрийг хэрэгжүүлж, түүний биелэлтийг Хурлын өмнө тухайн шатны Засаг дарга хариуцах ёстой. Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгчийн хувьд  Засаг даргатай  хариуцлага тооцох механизм нь хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй зэрэг үндэслэлээр  Засаг даргыг огцруулах юм. Амьдрал дээр тэр болгон нэг намынхан   Засаг даргаа огцруулаад байх боломжгүй юм. Иймд Хурлын шийдвэр шаардлагын түвшинд хэрэгжихгүй орхигдох тал байна. Засаг дарга хориг тавихгүй ч гэсэн  Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байж болохоор заалтыг өөрчлөх хэрэгтэй байна.  

       Үүнээс гадна .....төрийн байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй  бол ... гэсэн заалт нь  сайдын тушаал, дүрэм, журам, ЗГ-ын тогтоолтой давхцахгүйгээр Хурал шийдвэрээ гаргах ёстой.   Орон нутгийн асуудлыг Төрийн захиргааны төв байгууллага мэдэж шийддэг, тэдний шийдвэрлэхгүй орхигдуулсан  асуудлыг  Хурал  шийдэж  байгаа  жишгийг өөрчилмөөр байна.  

       Нутаг дэвсгэрийн аливаа  асуудлаар шийдвэр гаргахдаа Хурал, Засаг дарга нэгдмэл нэг байр сууринаас хандаж, харилцан зөвшилцөх аргыг зарчим болгож бие биенээ хүндэтгэн хамтран  ажиллах нь зүйтэй. Ингэж ажиллаж чадсанаар орон нутгийн удирдлагын нэр хүнд дээшилж, орон нутгийн хөгжил, ажлын үр нөлөө  сайжрах болно.

     Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийдэг Хяналт, шинжилгээ, үнэлгээний тасаг нь одоо Засаг даргын тамгын газрын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа нь тэдний хараат бус ажиллах нөхцөл бүрдэхгүй байна.  Тухайн жилийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, төсвийн зарцуулалтад ИТХ-ын төсөв, санхүүгийн Хороо, хяналт, мониторингийн алба хамтран  шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгч ажилладаг байвал мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт сайжирч, Засаг даргын ажлыг үнэлэх үнэлгээ бодитой  болох юм.  

 

   Хурлын дэргэд иргэний танхимыг тогтмол ажиллуулан шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажлыг өргөжүүлэх, ИТХ-ын хороодоор урьдчилан хэлэлцэж дүгнэлт гаргаж, танилцуулсан асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцдэг болгоход  Хурал, ажлын албад анхаарч ажилламаар байна. 

 

    Цаашид  Хурлын хороог байнгын ажиллагаатай болгох, хяналт шалгалт хийдэг  эрх бүхий  газар, албыг ИТХ-ын харьяанд ажиллуулах, нутгийн иргэд нутаг дэвсгэрийнхээ тулгамдсан асуудлаа ээлж дараатайгаар шийдвэрлэдэг байх нөхцөлийг бүрдүүлэх, аймаг, сумын ИТХ улс төрөөс хараат бус ажиллах  хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал  НӨУБ-ын хөгжилд түлхэц  болох нь дамжиггүй.          


                                                                      Увс аймгийн ИТХ-ын ажлын албаны "НӨУБ-ын харилцаа, хамтын                                                                                               ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтэн" Д.Энхцэцэг