ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

ХОРООНЫ ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХДОО ХАМГИЙН ОЛОН ИРГЭДИЙН САНАЛ АВСАНААР НЬ АСУУДЛЫГ ЭРЭМБЭЛДЭГ.

2015-02-06

Чингэлтэй дүүргийн 5-р хорооны иргэдийн нийтийн хурал (ИНХ)-ын дарга, Улаанбаатар эрдэм их сургуулийн эдийн засаг, бизнесийн салбарын эрхлэгч, шинжлэх ухааны доктор (ScD), доцент, профессор Н.Содномдоржтой  хийсэн ярилцлага.

5-р хорооны ИНХ ямар зорилт тавьж, хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

    Ер нь тодорхой зорилго тавьж, түүнд хүрэх арга замыг бодлого гэдэг. Тэгэхээр ИНХ-ын бодлогыг тодорхойлохдоо хамгийн олон иргэдийн санал авсанаар нь асуудлыг эрэмбэлдэг. Энийг л шууд ардчилал гэж нэрлэдэг. Ард түмэн төрийн эрхийг үндсэн хуульд зааснаар нэгдүгээрт төлөөллийн, хоёрдугаарт шууд ардчилалын замаар барьж байдаг. Төлөөллийн хэлбэр нь давуутай хөгжиж улсын их хурлын гишүүд, иргэдийн төлөөлөгчдийг сонгож ирсэн. Харин ИНХ-ын замаар хийгддэг шууд ардчилалын хэлбэр үндсэн хуульд заагдсан ч төдийлөн сайн төлөвшөөгүй байна. Сүүлийн жилүүдэд шууд ардчилалыг ихээхэн анхаарч бодлого болгосноор ИНХ-ын үйл ажиллагаа идэвхижиж, төр засгийн бодлого ард түмэн иргэдэд улам ойртож ирсэн.
    Мэдлэг мэдээлэлтэй иргэд нийгмийн харилцааны баялагийг бүтээж чадна. Захиргааталтын мэдээлэл, сурталчилгааг тулгах асуудлыг энд хамруулан ойлгож болохгүй. Иргэд, оршин суугчид орон нутгийнхаа асуудлыг хэнээс ч илүү мэддэг, бас гарцыг тодорхойлж чаддаг. Тэгэхдээ хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавилгүй, иргэдийн нийтлэг эрх ашгийг тэргүүнд тавьж, асуудлыг захиргаадалтын аргаар тулгахгүй, олонхийн саналаар, шудрага шийдэж санал хүсэлтийг нь эрэмбэлж шийдвэр гаргадаг бол ИНХ-ын бодлого зөв гарч ирнэ. Ард иргэдийн олонхийн санал хүсэлтээр хийгдсэн ажил хэзээд нүдээ олсон, тэдний олонхийн санаанд нийцсэн ажил болно гэдэг зарчмыг миний хувь баримталж ирлээ. Бас миний бие иргэдийнхээ итгэл найдварыг хүлээж сонгогдож байгаа юм бол тэр эрэмбэлэгдсэн ажлуудыг залуучуудтайгаа нийлж, зөвлөж ажлаад үзье гэж  ИНХ-ын даргын сонгуулийг хүлээж авсан юм. Иргэдийн 86 хувийн санал авч сонгогдсон.
    Иргэд чухам ямар асуудлыг уламжлуулах, шийдүүлэх хүсэлтэй байна вэ? гэсэн асуулт ИНХ-ууд дээр гарч ирж байв. Тухайлбал эн тэргүүнд хорооны байр байхгүй, орон сууцны 3-4 өрөөг түрээслэн ажиллаж байгааг өөрчлөх, хорооны эрүүл мэндийн үйлчилгээ өөр хороонд олоход төвөгтэй газар байрладаг, цагдаа бие даасан харагдахуйц хаяггүй, ажиллах орчин муу, хорооны ажилтнуудын ажиллах нөхцөл хангалтгүй, иргэний танхим байхгүй, хорооныхоо ИНХ-ыг өөр хорооны 50 ба 5 дугаар сургуулийн спорт заалд чөлөө цагийг харгалзан царайчилж хийдэг, хулгай гэмт хэргийн зөрчил, хүн амьны хэрэг гардаг, хөгшид, хүүхэдтэй эхчүүд салхилах газар байтугай суух сандал хүүхдийн тоглоомын талбай хүрэлцээгүй, байр хоорондын машины болоод явган хүний зам эвдэрсэн зэрэг маш олон шийдэгдээгүй асуудал хорооны ИНХ, засаг дарга, түүний ажилтнуудын өмнө тавигдсан. Гэвч бид зорилгоо нэгтгэж, ойлгож, дүүрэг, нийслэлийн удирдлага, ажилтнууд дэмжиж ажилласанаар маш богино хугацаанд 2014 оны эхээр гурван давхар хорооны байртай болж, иргэддээ үйлчлэх эрүүл мэндийн төв, захиргаа, цагдаа, иргэний танхимыг шинэ байрандаа оруулан тохижуулж чадлаа.

Мөн хорооны байрны орчныг цэвэр цэмцгэр байлгахад анхаарч, мод тарьж, зүлэгжүүлж, 2А байрны баруун талд ахмадын болоод хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хорооны байрны орчимд эх үрсийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажлаа эрэмбэлүүлж, зураг, төсвөө батлуулан тохижилтын ажил үргэлжилж байна. Ингэснээр хорооны байрны орчимд ахмадын, эх үрсийн, залуучуудын цэцэрлэгт хүрээлэнг дүүрэгтээ загвар болгохуйц байгуулахын төлөө зорьж байна. Мөн байрнуудын 56 орцыг камертай болгож, гадна гэрэлтүүлгийн ажлыг эхлүүлсэн, иргэний танхимыг шинэ загвараар тохижуулсан нь дүүргийн бүх хороодод үлгэр болохоор байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эдгээр ажлууд сайн нөлөөлсөн бөгөөд хорооны байр, цагдаа, гэрлэн хаягтай болж, урамшуулалтай эргүүл, иргэний танхимын ажилтныг ажилд нь оруулсанаар бидний тавьсан зорилго биелэгдэж байна. Манай хорооны засаг дарга залуу хүн гэхэд их санаачлагатай иргэд биднийхээ санал хүсэлтийг сайн ойлгож хэрэгжүүлдэг. Ирээдүйгээ харсан ажлын энэ үр дүн нь хорооны иргэдийн санал санаачилга, ажилтнуудын бүтээлч хүчин зүтгэлийн илрэл болж байна.


Иргэдийн Нийтийн Хурлын ажилд тулгардаг хамгийн бэрхшээлтэй асуудал юу вэ?

Иргэдийн олонхийн санал авсан зайлшгүй чухал ажлууд зарим үед явахгүй байх тохиолдол бий. Жишээлбэл, манай хороонд хүүхдийн цэцэрлэг маш дутагдалтай. Улсын төсвөөр цэцэрлэг бариулах саналыг бид байнга тавьдаг. Гэвч хэрэгжихгүй байгаа нь олон залуу гэр бүлийн ажиллах бололцоог хааж байна.
Иргэдийн санааг ихээр зовоодог нэг асуудал бол баар цэнгээний газрууд олширч байна. Ялангуяа тэр их дуу чимээ орон сууцны байрнуудын дотор болж иргэдийн тав тухатай амрах боломжийг хаадаг. Би дүүргийнхээ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулсан Архидалттай тэмцэх семинар дээр дүүргийн хэмжээнд сард нэг удаа баар цэнгээний газар, дэлгүүр үйлчилгээний газруудаар архи зардаггүй өдөртэй болъё гэсэн санал тавьсан. Нэг өдрийг туршиж үзээд үр дүнтэй бол сардаа 2-3 өдрийг архигүй өдөр болгох маягаар цаашаа ахиад байвал гэмт хэргийн эх булаг архидалттай тэмцэж байгаа нь тэр болно. Ер нь архи олоход шинэ талх олохоос элбэг амархан байгаа нь буруу юм. Архи олоход төвөгтэй болгоход нэг хүн ч гэсэн архи уухгүй болно шүүдээ. Энэ саналыг семинарт оролцогчид санал нэгтэй дэмжиж, бодлогод оруулахаар шийдсэн.
Түүнчлэн иргэдээс санал асуулга авах ажлыг хорооны ИНХ байнга зохион байгуулдаг. Маш олон санал хүсэлтийг ИНХ айл өрхөөр иргэн бүрээс авч асуудлыг эрэмбэлдэг. Гэхдээ зарим иргэд үүнд төдийлөн сайн оролцдоггүй, ИНХ-д ирдэггүй. Иргэд өөрсдөө шууд ардчилалыг сайн ойлгож, хорооныхоо ИНХ-д идэвхтэй оролцож, санаа бодлоо тусгуулж байх нь шууд ардчилалд тус нэмэр болно. Би багш хүн учраас оюутнуудаас хорооныхоо хуралд нэг удаа суусан оюутан байна уу? гэхэд  байна гэж гар өргөх хүн олдоогүй. Оюутны төлбөрийг өсгөхгүй байх нь өрхийн орлогод хэрхэн нөлөөлөх талаар ИНХ-д нэг ч оюутан санал тавиагүй байна гэсэн үг.

Хорооны Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг сайжруулахын тулд цаашид ямар арга хэмжээ авах нь зүйтэй вэ?

Иргэдээс гарсан саналыг эрэмбэлсэн дарааллын дагуу яв цав биелүүлэх боломж, санхүүгийн нөхцлийг дүүргээс маш сайн хангах хууль эрх зүй бүрдсэн байх учиртай. ИНХ хууль эрх зүйн хэм хэмжээнд үйл ажиллагаа явуулахдаа “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн гуравдугаар бүлгийн 17-р зүйлд хорооны хурлын бүрэн эрхийг 17.1.1-17.1.9 хүртэлх заалтаар хуульчилж өгсөн. Гэтэл энэ хуулинд хороодын ИНХ, тэргүүлэгчид хэрхэн ажиллах талаар тодорхой заагаагүй, мөрдөн ажиллах заавар, журам, дүрэм байхгүй байгааг анхаарч ИНХ, тэргүүлэгчдийн хэрхэн ажиллах талаар гарах үр дүнг их сайн харгалзсан хуулийн зүйл заалтыг нэмж оруулах шаардлага байж болох юм. Бид энэ хуулиа л дагаж мөрдөх үүрэгтэй.

Та Чингэлтэй дүүргээс Төрийн түшээгээр сонгогдсон. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд дүүрэгтээ хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулахгүй юу?

Чингэлтэй дүүргийн иргэд надад итгэл хүлээлгэж байсны төлөө хариу нэхдэггүй ард түмэнд тустай ажил үйл бүтээх юмсан гэж бодож явдаг. 2003 онд Чингэлтэй дүүргийн хүн амыг хороодоор тооцсон 2020 он хүртэлх өсөлтийн хэтийн төлөвийг боловсруулсан юм. Энэ тооцоо маань өнөөдөр ойролцоо хандлагатай байгааг харгалзан 2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга намайг дуудан 10 эрдэмтэн оролцсон багийг ахлан Чингэлтэй дүүргийн хөгжлийн талаар шийдвэр гаргадаг бүх хүмүүс, ажилтнуудад зориулсан санал зөвлөмжийн хэлбэртэй, 2017 он хүртэлх прогноз тооцоо гаргаж өгөөч гэж хүссэн. Бидний 10 эрдэмтэн энэ прогноз тооцоог хийсэн. Дүүргийн хүн ам, хөдөлмөрийн хүчний нөөц боломжийн ашиглалтын 63 хуудас бүхий прогноз тооцоог би өөрөө гардан хийж I бүлэгт онол, судалгаа, прогноз тооцооны загварыг ашигласан тайлбарын хамт боловсруулсан. Бусад эрдэмтэд маань ч өөр өөрсдийн бүлгийг бичсэн. Дүүргийн хөгжлийн талаарх эрдэмтдийн энэхүү санал тооцоог ИТХ хэлэлцэн 100 хувийн саналаар дэмжиж ном хэлбэртэй болгон хэвлүүлэх шийдвэрийг гаргасан. Дүүргийн болоод хороодын бүх ажилтан үүнийг ашиглаж байгаа бөгөөд их ховор ном болчихсон гэх мэдээлэл бидэнд бий. Эрдэмтэн хүний хувьд дүүргээсээ их олон дээд мэргэжилтэн, магистр, докторуудыг бэлдэж эрдэмжүүлсээр, дүүргийнхээ хэтийн төлөвийн талаар ИТХ, хорооны ИНХ-ын төлөөлөгч дарга, засаг дарга болон ажилтнуудтай санал солилцож бусад орны хөгжлийн жишиг ямар байдаг талаар санал бодлоо хуваалцаж явна.

Иргэд маань жагсаалтаар гарсан Төлөөлөгчидөд их шүүмжлэлтэй ханддаг. Үүнтэй та санал нийлж байна уу? Заавал жагсаалтаар гаргах ёстой байдаг уу?

    Аль нэг намаас нэр дэвшээд нууц санал хураалтаар сонгуульд ард иргэдийнхээ олонхийн саналыг авч ялалт байгуулсан УИХ-ын гишүүн юмуу, аль нэг шатны төлөөлөгчийг шууд намын квотоор орж сонгогдсон хүмүүстэй ард түмэн адилтган ойлгож чадахгүй байгаад уг хэргийн учир оршиж байна.

сургалтын талаар

санал өгсөн: 0