ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

Б.МӨНХДОРЖ: БИЗНЕСИЙН БАЙГУУЛЛАГА ТАЛААСАА ЗӨВ МЭТ ХАРАГДАВЧ ЯМАР ХОХИРЛЫГ БАЙГАЛЬ ОРЧИНДОО ҮЗҮҮЛЖ БАЙГААГ МӨНГӨН ДҮНГЭЭР ТООЦДОГГҮЙ НЬ ХЭЦҮҮ

2018-07-24

Дэлхий нийтээр хүрээлэн буй орчны доройтолд орох явц хөгжлийг даган үүсэж байгаа энэ үед хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй  экологийн томоохон асуудлуудыг арилгах, энэ талын мэдээллийг олон нийтэд хүргэх, урьдчилан сэргийлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил, амьдралын хэв маягийг бий болгохын тулд олон улсын өдрүүдийг зарлаж, бүтээлч хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.

Үүний нэг нь цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр бөгөөд 1995 оны 1-р сарын 30-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 6-р сарын 17-ны өдрийг Цөлжилттэй  тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан. Манай орны хувьд тус өдрийг 2007 оноос тэмдэглэн өнгөрүүлж байна.
Одоогийн байдлаар 110 гаруй орон цөлжилтөд  өртөх аюул тулгараад байгаа гэсэн тойм судалгаа байдаг бөгөөд манай орон ч ялгаагүй эмзэг экосистемтэй бүс нутгийн нэг юм.

Энэхүү олон улсын өдрийг тохиолдуулан газрын доройтлын чиглэлээр Увс аймагт хэрэгжиж буй “Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн орон нутгийн зохицуулагч Б.Мөнхдоржтой ярилцлаа.

-Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Төслийнхөө  тухай товч танилцуулаач ?

Энэхүү төсөл нь орон нутагт  2016 оны 9 сараас хэрэгжсэн. БОАЖЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Даян дэлхийн байгаль орчны сан /GEF/ хамтран хэрэгжүүлж байгаа бодлогын хэмжээний төсөл юм. Урт хугацаанд аймаг, орон нутагт үр нөлөөгөө өгөх, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх ажлын суурийг тавих гэх мэт ач холбогдолтой.

-Манай иргэд газрын доройтлын талаар мэдлэг хэр вэ, үүнд ач хобогдол өгдөг үү?

Энэ их төвөгтэй л дөө, учир нь газрын доройтол гэдэг нь өөрөө онцлогтой байгалийн үзэгдэл. Хөрс үржил шимгүй болох, эвдрэх, цөлжих зэрэг нь урт хугацаанд явагддаг тул хүмүүсийн хараанд орох нь бага байдаг. Гэвч нэг доройтсон үед хохирол нь мөнгөөр үнэлэшгүй байдаг нь аюултай. Олон жил мал дагасан манай орны малчид үүнийг ойлгодог мэддэг, ялангуяа бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа иргэд. Гэхдээ газрын доройтлыг зөвхөн нэг талаас нь харж дүгнэх нь өрөөсгөл юм. Тиймээс иргэд олон  нийтийн энэ талын мэдлэгийг нэмэгдүүлэх, газар гэдэг зүйлээсээ гадна түүнийг амь оруулж байдаг үржил шимт байдал нь ямар үнэ цэнтэй болохыг ойлгуулах нь чухал. Иргэдийн хувьд гэвэл газрын доройтлын мэдлэг, ойлголт тааруу. Тийм болохоор хамгаалах болон, зүй зохистой ашиглах, сэргээх талын үйл ажиллагаа муу явагддаг.

Бидний сайхан амьдрахын үндэс нь үржил шимтэй газар байдаг. Тэнд л мал аж ахуй, ургамал, газар тариалан эрхэлж бүхий л хэрэгцээгээ хангаж амьдарна шүү дээ.

-Таны бодлоор газрын доройтол гэдгийг юу гэж ойлговол бидэнд хамгийн ойр байх вэ?

Байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас газрын хөрс, түүний үржил шимт байдал алга болох түүнийг дагалдан гол ус, бусад биологийн төрөл зүйл хомсдох явц юм.

Өнөө цагийн энэ хөгжлийн явц газрын хөрсөнд маш их сөрөг үр дагаврыг бий болгосоор байна. Хөгжлийг бид хүсэж байгаа л бол тэр хөгжил газар дээр л хийгдэх нь тодорхой шүү дээ.

-Увс аймгийн хувьд энэ асуудал хэр тулгамдсан асуудал вэ?

Увс аймагт  аль хэдийн тулгамдсан асуудал болсон. Учир нь манай аймгийн цаг уур, хөрсний үржил шимт байдал зэргээс харахад маш эмзэг экосистем. Үржил шимт хөрсний давхарга нимгэн, хур тунадас багатай. Томоохон элс бүхий талбай аймгийн хойд урд талаар тархсан байдаг нь ч дээрх нөхцлийг бүрдүүлж байна.

Дээр нь Увс аймгийн нэг онцлог нь маш том нуурууд, өндөр уулсууд нь аймгийн ашигт газрын талбайг нэлээн хумьдаг. Жишээ нь, зөвхөн Увс, Хяргас, Үүрэг нуурын талбай нийлээд бараг нэг том сумын хэмжээтэй газар нутгийг эзлэх жишээний. Аж ахуйн зориулалт талбай багатай энэ газарт малын тоо толгой хэт өсөх, дэд бүтэц, уул уурхай, бусад үйлдвэрлэлийг нарийн зохион байгуулалт төлөвлөлттэй хэрэгжүүлэхгүй бол газрын доройтлыг хүссэн хүсээгүй бий болгоно.

Сүүлд гаргасан судалгаагаар бэлчээрийн даац дунджаар 3-3.5 дахин хэтэрсэн гэсэн тооцоо байсан.

-Төсөл хэрэгжсэн хугацаанд ямар ямар ажлуудыг хийгээд байна вэ?

Хэд хэдэн чиглэлд ажилласан. Эхлээд аймгийн хэмжээнд газрын доройтол, дүйцүүлэн хамгааллын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалтууд, хоёрдугаарт уул уурхай, үйлдвэрлэл хүссэн хүсээгүй хөгжиж байгаа болохоор тэр бүхнээс тодорхой хэмжээний экологийн чухал ач холбогдол бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтанд авах талаар ажиллаж анх 2016 онд 0.9 хувьтай байсан хамгаалалттай газрыг 2018 оны байдлаар 17.4 хувьд хүргээд байна. Мөн газар ашиглалтыг зүй зохистой ашиглах баримт бичгийг боловсруулахад дэмжлэг үзүүлж 2017 онд Бөхмөрөн сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж хүлээлгэн өгсөн. Ингэснээр тухайн үед улсын хэмжээнд энэ төлөвлөгөөг боловсруулсан 7 сумын нэг болсон. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь зарим нэг талаараа хэрэгжихэд төвөгтэй байгаа тул ХАА, аялал жуулчлал, байгаль хамгааллын гэсэн бүлгүүдэд нэмэлт тодотголыг 2017 онд хийж аймгийн ИТХ-аар батлуулсан. 2018 онд Ховд, Түргэн, Сагил сумуудын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг аймагтай хамтран боловсруулахаар ажиллаж байна.

Мөн Бөхмөрөн суманд жижиг усан сан, хөвийн ажлыг хийж, Ховд сумын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд хамтран оролцсон.

Аймагт анх удаа Хотгор болон Эрчим Баян-Өлгий уурхайнуудыг дүйцүүлэн хамгааллын төлөвлөгөөтэй болгохоор ажиллаж байна.

-Уул уурхай бол газрыг элэгдэл, эвдрэлд оруулдаг хүчин зүйлсийн нэг манай аймгийн хувьд энэ төрлийн газрын эвдрэл хэр их вэ?

Манай аймагт энэ төрлийн буюу аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газар харьцангуй бага. Гэхдээ бага гэлтгүй газрыг хөндсөн л бол заавал нөхөн сэргээх, нөлөөллийг бууруулах ажлыг хийх ёстой.

Харин хувиараа алт олборлогчдын хувьд асуудлууд байгаа байх. Учир нь эвдэрсэн газар нь эзэнгүйддэг учраас.

1940 оноос баруун монголын геологийн судалгаа эхэлсэн гэж үздэг. Газрыг тэр үеэс үйлдвэрийн зориулалттай эргэлтэнд оруулахаар ажиллаж эхэлсэн гэсэн үг. Энэ оны байдлаар манай аймагт 176 ширхэг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 126 аж ахуйн нэгжид олгогдсон байдаг. Энэ нь нийт нутгийн 10 гаруй хувийг эзлэж байна.

-Таны ярианаас харахад газрын доройтол гэдэг нь яалт ч байхгүй хөгжил гэдэг үгтэй нягт уялдаатай яригдах юм.

Хүн төрөлхтний бүтээж буй бүх зүйл газар дээр хийгддэг болохоор хөгжил гэдэг үгнээс газрыг салгаж ойлгох боломжгүй юм.

-Бид ер нь уул уурхайг ашиглах нь зөв юм уу, буруу юм уу?

Уул уурхайг ашиглах, ашиглахгүй тухай асуудал бас биш юмаа. Ашиглах нь бол зайлшгүй юм. Гэхдээ одоо байгаа цөөн хэдэн уурхайг байгаль орчиндоо болон нийгэмдээ ээлтэй, үр ашигтай байх асуудлыг л бид түлхүү ярилцах ёстой л доо.

Өөрөөр хэлбэл одоо байгаа орон нутгийн шинжтэй цөөн уурхайтайгаа үр ашигтай, хамтран ажиллаж чадахгүй байгаа тохиолдолд дараагийн шинэ уурхайг сайн ажиллана гэхэд төвөгтэй л асуудал. Үнэхээр нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ёс зүйтэй аж ахуйн нэгж бол болохгүй зүйл байхгүй.

-Төслийн зорилгод байсан нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх гэдгийн товчоор тайлбарлавал?

Нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг хэрэгжүүлэх заалт байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулинд орж, 2013, 2014 онуудад гарсан журмуудаар зохицуулагдсан байдаг. Өмнө нь яадаг байсан бэ гэхээр тухайн ашигт малтмалыг олборлосны дараа л техник болон биологийн нөхөн сэргээлт хийдэг байсан нь хүрээлэн байгаа орчин, амьтан, ургамал, нөлөөллийн бүс дэх иргэддээ зохимжгүй, олон улсад  уул уурхайн үйл ажиллагаа явж байсан ч орчиндоо нөлөөлөл үзүүлдэг тул дүйцүүлэн хамгаалал гэж зүйлийг хийдгийг манай улс нэвтрүүлсэн.

Дүйцүүлэн хамгааллыг энгийн үгээр хэлбэл төсөл хэрэгжүүлэгч ямар хэмжээний газрыг хөндөж, орчиндоо нөлөө үзүүлж байна. Тухайн газартаа ойролцоо ижил төстэй бүсэд дүйцүүлэн хамгаалал хэлбэрээр хөндсөн газартайгаа дүйцэхүүц хэмжээний газарт байгаль хамгааллын ажлыг хийх явдал юм. Яг хэрэгжүүлэх хэмжээндээ бол нарийн тооцоолуур, программаар бодож гаргадаг л даа.

-Өмнөх таны ярьж байгаа зүйлсийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин  манай улсад хэр бүрдсэн байдаг вэ?

Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуулиндаа заагаад өгчихсөн байгаа болохоор эрх зүйн орчинд сууж өгсөн гэж ойлгож болно л доо. Гэхдээ үнэлгээ, тооцоолуурын тал дээр засах зүйл байхыг үгүйсгэхгүй. Цаашид мэдээж улам сайжраад явах байх.

-Хөгжлийн тухай, салбар бүрийг харахад манай аймаг хөгжиж байгаа юу?

Энэ талаар судалдаг хүмүүс нь илүү оновчтой хариулах байх миний бодлоор манай аймаг гэлтгүй манай орны хувьд хөгжил нь дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй салбарт болон хэрэглээнд тулгуурласан буюу хүчээр чирэгдэж хөгжиж байна. Жишээ нь жил бүр гар утас, компьютер шинэчлэгдэж, үүнийг дагасан хэрэглээний хэлбэр л өөрчлөгдөөд байна. Үүнийг хөгжил гэхэд бас төвөгтэй. Өөрсдөө хөгжүүлсэн, түүнийгээ эх орондоо болон бусад улсад түгээн дэлгэрүүлсэн зүйлс байгаа гэж хэлэхэд хэцүү.

-Хүрээлэн буй орчноо хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг хүн бүр ярьдаг ч бодит байдал дээр биелэлээ тэр бүр олдоггүй.

Энэ бол хүний ухамсарт үйлдлий нэг хэлбэр юм. Гэхдээ үүнд нөлөөлөх ажлыг бид суур боловсролд нь болон гэр бүлийн хүмүүжлээр дамжуулан олгохгүйгээр ямар ч үр дүнд хүрэхгүй.  Нийгмийн ороо бусгаа үед боловсролын салбарын гажуудлын нэг илрэл  гэж боддог.

-Бодит байдал дээр манай орон нутгийн уурхайнууд ямар байдалтай байна?


Манай уурхайнууд бол ерөөсөө өнөө маргаашаа харсан ашгийн төлөө л явж байна. Бизнесийн байгууллага талаасаа зөв мэт харагдавч ямар хохирлыг байгаль орчиндоо үзүүлж байгааг мөнгөн дүнгээр тооцдоггүй нь хэцүү.

Бөхмөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хотгор, Эрчим Баян-Өлгий уурхайнууд аль нь ч байгаль орчны мэргэжилтэн байхгүй. Шаардлага тавихаар авна л гээд байна. Авна гэсээр 3 жил боллоо. Аргалсаар байгаад сурсан ч юм шиг. Энэ байдлаар удаан явах юм бол орон нутаг л хохирч үлдэнэ.

Төрийн мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтэнгүүд хууль ёсныхоо шаардлыг тавьдаг л байх хэрэгтэй.

-Бөхмөрөн сумын иргэд уул уурхайн компаниудтайгаа хэр хамтарч ажилладаг вэ?

Аймаг дотроо уул уурхайн компаниудтай хамтран ажиллаж сурсан иргэд бол Бөхмөрөн сумын иргэд. Иргэдийн энэ талын мэдлэг ч бусад сумуудаас илүү.

-Манай аймгийн байгалийн баялагийг ашиглагаж буй аж ахуйн нэгжүүдэд ахиц дэвшил харагддаг уу?

Ахиц дэвшлийг аль талаас харахаас шалтгаална. Компаний ашиглаж буй тоног төхөөрөмжийн хөгжил талаас харах бол хөгжиж байгаа. Компаний дотоод засаглал, нийгмийн хариуцлага, байгаль орчиндоо хандаж буй хандлага талаасаа бол ахиц дэвшил бараг байхгүй. Байгалийн олон зуун жилийн бүтээж бий болгосон ашигт малтмалыг зүгээр л зөөхөөс хэтрэхгүй байна.

-Төслийн үлдсэн хугацаанд төслийн зүгээс ямар ажлууд төлөвлөгдөж байгаа вэ?

 Иргэд, мэргэжлийн байгууллагууд руу хандсан сургалт, мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэж буй ажлууд дээр хяналтын ажлууд байгаа.

-Иргэд болон аж ахуйн нэгжүүд өнөөдрийн та бүхний хэрэгжүүлэх гэж зориод байгаа ажлыг хэрхэн хүлээж авдаг вэ?

Бидний зорилго иргэдийн сайн сайхны төлөө, орчныг доройтуулахгүй байлгахад яаж хамтарч ажиллах вэ гэдэг талаасаа ард иргэд сайн хүлээж авдаг. Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд байнгийн зардал гаргах талаар яригддаг тул зөрчилдөх зүйлс байдаг.

-Бусад орны туршлагаас бидэнд өгч чадах сайн туршлага энэ салбарт юу байдаг вэ?

Манай орны хувьд уул уурхайн хөгжил хожуу хөгжсөн тул бид гадны туршлагыг судлаж, өөрийн оронд нийцэх хувилбаруудыг сонгох хэлбэрээр л явж байгаа. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд сайн жишээнүүдийг бид нутагшуулах ёстой. Үүний нэг хэлбэр нь өнөөдрийн дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ юм. Мөн байгаль орчинд ээлтэй бусад техник, технологи, сайн эрх зүйн орчин гэх мэт авах зүйл маш их байдаг.

Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа, таны цаашдын ажилд амжилт хүсье.

Баярлалаа, та бүхэнд мөн сайн сайхныг хүсье