ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИТХ-ЫН АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслөөс санаачлан бүтээв.

"Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа" сэдэвт зөвлөгөөн боллоо.

2015-04-13

        “Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөн 2015 оны 04-р сарын 03-ны өдөр Баян-Хонгор аймгийн хөгжимт драмын театрт болж өнгөрлөө. Уг арга хэмжээг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар хамтран зохион байгууллаа.
        УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нээж үг хэллээ. Тэрбээр хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь улсын хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байгааг 2013, 2014 онуудад гарсан зам тээврийн ослын тоо баримт тодорхой харуулж байна. 2013 онд улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 560 хүн нас барж, 7383 хүн гэмтэл бэртэл авч, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 8.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна. 2013 онд гарсан зам тээврийн ослоос 37 хүүхэд амь насаа алдаж, 197 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авсан гэсэн тоо баримт байна. 2014 онд авто ослын улмаас 368 хүн нас барж, 1001 хүн гэмтсэн статистик үзүүлэлт байна. Тиймээс бүс нутгийн энэхүү зөвлөгөөн нь цаг үеээ олсон амжилттай арга хэмжээ болно гэдэгт итгэж байна гэлээ. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал нь Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа Зөрчлийн тухай хуулийн төсөлтэй шууд холбогдох бөгөөд энэхүү хуулийн төслийг яаралтай батлуулах асуудлаар Хууль зүйн байнгын хороо ажиллаж байгааг тэмдэглээд “Чимээгүй дайн” гэж нэрлэгдэх болсон авто ослоос болж жилдээ дунджаар 400-500 хүн нас барна гэдэг нь харамсалтай юм гэдгийг хэллээ.
          Түүнчлэн цагдаагийн байгууллагаас зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа хэдий ч төдийлөн буурахгүй байна. Баянхонгор аймгийн хувьд улсын чанартай хатуу хучилттай авто замд холбогдсон, тээврийн хэрэгслийн тоо эрс нэмэгдсэн нь хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг өсгөх хандлагатай байгааг хэлсэн юм.
             Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж УИХ-д өргөн мэдүүлээд байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийн төслийн талаар танилцууллаа. Тэрбээр Хууль зүйн байнгын хороогоор өнгөрсөн хугацаанд батлагдсан хууль болон 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
          Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах газрын Хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга Ү.Зоригтбаатар хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн юм.
           Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Цагдаагийн ерөнхий газар, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн тасгийн дарга нар болон Баянхонгор аймгийн иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар нийт 400 гаруй хүн оролцож асуулт асууж, санал солилцон, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгээс хамтарсан зөвлөмж гаргаж ажиллалаа.