МЭНДЧИЛГЭЭ

2017-02-24 12:58

Буурал жилээ үдэж, Буянт жилээ угтах гүн утгат дэлгэр их баярыг тохиолдуулан Монгол билгийн тооллын 17-р жарны “Алтан  унжлагат” хэмээх Гал тахиа” жилийн өлзий учрал бүрдсэн Цагаан сарын шинийн билэгт сайн өдрийн мэндийг айлтгаж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

Цагийн шалгарал туулсан түүх уламжлал, ёс заншил бүхий эртний уламжлалт Цагаан сарын баяр бол нэгэн нас нэмсэний баяр бөгөөд бага, их хүмүүн бүгдээр бие сэтгэлээ ариусган цэгцэлж, үлдээх нэгэн насныхаа үйл үйлдлийг цэгнэн дүгнэж, зөв эрхэм  бүхнийг дэлгэрүүлэн цогцлоож, билэгшээн угтдаг уламжлалтай билээ.

Энэ жил манай аймаг зун зуншлага сайтай, урт сайхан намар болсон бөгөөд өвлийг өнтэй сайхан давж хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй золгож байгаадаа зон олноороо нэн их баяртай байна.

 Энэ жил ажилч хөдөлмөрч малчид, тариаланчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3497.5 мянган толгой мал тоологдож, өмнөх оноос 574.9 мянга буюу 19.6  хувиар өссөн байна. Нийт тэмээ болон ямааны тоогоор улсад 3-р байранд, мянгат малчдын тоогоор 5-р байранд тус тус оржээ. Мөн энэ онд 1000 түүнээс дээш малтай өрхийн тоо 646 болж өнгөрсөн оноос 226 өрхөөр нэмэгдсэн урамтай сайхан мэдээ байна.

Энэ оны эцсийн байдлаар үр тариа 525.3 тн, төмс 633.1 тн, хүнсний ногоо 468.8 тн, малын тэжээлийн ургамал 1479 тонныг, мөн 5169.3 тн байгалийн хадлан, 283.2 тн гар тэжээл, 2879.5 тн хужир шүү тус тус бэлтгэн авсан нь цагийн уртыг ажралгүй давах нөр их ажлыг нугалсан манай тариаланчдын хичээл зүтгэлийн үр дүнг илтгэж байгаа юм.

Ийнхүү амжилт бүтээл, эрч хүч дүүрэн нэгэн оныг үдэж, ирэх жилийн өнгө, эрхэм сайхан бүгдийг хэлэлцэн, эе эвээ хичээн, аж амьдрал ахуй нөхцөлөө сайжруулж урган гарч байгаа Гал тахиа жилдээ буй бүхэндээ сэтгэл дүүрэн байж сэтгэлээсээ гэрэл цацрааж, царайнаасаа инээд гэрэлтүүлж баясгалантай сайхан амьдрахын билэгтэй ерөөлийг дэвшүүлье.

Ирэх онд бид бүхэн сум орон нутгийн удирдлагууд, хэлтэс агентлаг, аж ахуйн нэгж, ТББ, иргэдийнхээ идэвхитэй оролцоо, дэмжлэгтэйгээр орон нутгийн дотоод нөөц боломжоо дайчлан, аймгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэн, иргэдийнхээ амьдралын бодит чанарыг ахиулж, эв эеийг хичээж, эдийн засгийн хязгаарлагдмал нөхцөл байдлын үед ч аливаа зөв гарц, шийдлийг олж иргэд олон нийтийн эрх ашигт нийцсэн олон арван бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Эрхэм хүндэт Алтайчуудаа

Ургаж байгаа жилдээ хотол олон Та бүгдийн минь үйлс ажил өөдрөг бүтэмжтэй, аливаа санасан хэрэг тань  саадгүй, амар бүтэхийн бэлгэ ерөөл өргөж эвийн сэтгэл, энхийн хүслээ илэрхийлж, хадгаа дэлгэн, алгаа тэнийлгэн харилцан бие биедээ хүндэтгэлт ариун ёсоор шинэлэн золгоцгоохыг ерөөе.

Ийнхүү билгэ ерөөлийн дээдийг хэлэлцдэг Монголын цагаан сарын мэндийг дахин дэвшүүлэхийн ялдамд нийт ард иргэдийн минь түгээмэл хүслэн болсон урт нас, удаан жаргал, эсэн энх амьдралыг нь тэтгэж, эв хийгээд төрийг эгнэгт бататган, өв хийгээд соёлыг үргэлж зузаатган ашидийн амгалан энх, аз хийморь сайн сайхныг тэтгэх сайн цагийг авчрах шинэ сардаа хотол олон Та бүгдийн минь үйлс ажил өөдрөг бүтэмжтэй, санасан сайн үйлс бүхэн нь сэтгээлчлэн бүтэхийн  бэлгэ ерөөл өргөе, сар шинэдээ сайхан шинэлээрэй.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

                                                 ДАРГА                               Т.ГАНЗОРИГ

Сэтгэгдэл ачааллаж байна ..