Ахмад дайчин Я.Алтангэрэлд аймгийн ИТХ-ын дарга хүндэтгэл үзүүлэв.

2016-03-18 18:52

Ахмад дайчин Ядамжавын Алтангэрэлд аймгийн ИТХ-ын дарга А.Дэлгэржаргал, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Болормаа  хүндэтгэл үзүүллээ.

Я.Алтангэрэл нь 1921 онд одоогийн Есөнбулаг сумын Рашаант багийн  нутаг Баянгийн ам хэмээх газар  зуны дунд сарын шинийн 15-ний  өдөр төржээ.

Тэрээр  Түмэн сумын харъяат байсан бөгөөд тус сум Шаврын голд төвлөрч байсан үе буюу  Говь-Алтай аймаг одоогийн Халиун сумын төвд  байх үед  1942 онд цэрэгт татагдан  цэргийн албаа хаажээ.

Завхан аймагт нэг жил цэргийн сургууль хийгээд 1943 онд Улаанбаатар хотод очиж улмаар Матадын 8-р дивизийн  их бууны салаан даргаар томилогдон ажилласан байна. Дивизионы дарга нь ахмад Төрхүү гэж байсан. Мөн байлдааны  ангийн дарга нь Лодер гэдэг хүн  байлаа.

1945 оны хавар   Хэнтий аймагт очиж  6-р сард Хавиргын булгаар дайрч улмаар Монгол улсын хил даван  Чита хотын чиглэлд  дайнд орсон бөгөөд  Ар цагаан нуур,  Тэнгэр элсийг гатлаж, Долнуураар дайрч Хянганы  нуруугаар давж,  Хөх, Шар мөрөнг гатлаж Чита хотыг   чөлөөлж, 1945 оны 10-р сарын 20-доор  Хэнтий  аймагт ирсэн.  1946 оны 2-р сард Улаанбаатар хотын Дэнжийн харуулын агаарын зенитын ангид ирж    цэргийн албыг   5 жил хаасан юм.

Тэрээр аймагтаа ирээд  холбоонд монтёр, Алтай хөгжил сонинд хэвлэгч, 1951 оноос МАХН-ын илгээлтээр  Түмэн сумын 4-р багт  Эх-орон -52 радиог үүрч ахлах ухуулагчаар ажилласан  байна.

Намын ухуулагчаар ажиллан ард түмэндээ төр засгийн   мэдээлэл, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн талаар үнэн зөв мэдээлэл түгээж соёлын үрийг тарьж байсны зэрэгцээ “Майн нэгэн” нэгдлийг үүсгэн, санаачилж байгуулсан нэгэн. 

Мөн  тус нэгдэлд   тариа бригадын дарга, малчин,  агент зэрэг ажлуудыг хийж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан.

Я.Алтангэрэл нь 1952 оноос хойш Хөдөлмөрчин Ардын   Хурлын депутатаар  2 удаа, 1967 оноос АДХ-ын сумын депутатаар 3   удаа сонгогдсон байна. 1956 онд улсын тэргүүний ухаалагчаар шалгарч байжээ.

1951,1957 онд сумын сайн малчин цолоор, Тайшир  сумын аварга малчин,  аймгийн аварга тариаланчаар тус тус шалгарч байсан  нөр их хөдөлмөрч нэгэн юм.

Ахмад дайчин Я.Алтангэрэлийн хөдөлмөр бүтээл,  ажлын амжилтыг үнэлж  1972, 1982 онд  5-н жилийн гавшгайч цол тэмдгээр Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90-н жилийн ойн медаль-аар тус   тус шагнаж  байсан бөгөөд “Бид ялав”, Японыг ялсны төлөө Орос –Монголын “Бид ялав”   медаль,  Жуковын медаль,  Зэвсэгт хүчний ойн медаль, Цэргийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнажээ.

 

 

 

 



Сэтгэгдэл ачааллаж байна ..