Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс 25 жилд

2015-11-24 15:24
       Говь-Алтай аймгийн ЦАУЗБ салбар комисс байгуулагдснаасаа хойш “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, энэ асуудлаар материалаа бүрдүүлж амжаагүй нэхэмжлэгчдэд туслах, урьд өмнө материалаа өгөөр шийдвэрлэгдэхгүй байгаа хүмүүсийн өргөдөл хүсэлтийг барагдуулах, нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлж хэлмэгдэгсдэд болон тэдний эхнэр нөхөр, үр хүүхдэд нөхөх олговор олгуулах, сураггүй алга болсон хүмүүсийн талаархи асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүргүүлж шалгуулах, сургалт, сурталчилгаа хийх зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.
         Энэ 25 жилийн хугацаанд аймгийн ЦАУЗБ салбар комиссын даргаар аймгийн ИТХ-ын дарга, нарийн бичгийн даргаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, гишүүдэд аймгийн Ерөнхий Прокурор, Шүүхийн тамгын газрын дарга, аймгийн Тагнуулын хэлтсийн дарга, Цагдаагийн газрын дарга, Архивын тасгийн эрхлэгч нар ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийг хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд хэлмэгдэгсдийг хилс хэргээс цагаатгуулах, нөхөх олговрын мөнгийг зохих эздэд нь олгуулах, Цагаатгалын хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, сумдын холбогдох албан тушаалтнуудад сургалт хийх болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлуудыг төлөвлөн үе шаттайгаар зохион байгуулж ажиллаж ирлээ.
          Жил бүрийн эхний улиралд салбар комиссын гишүүдийн хурлаар өнгөрсөн жилийн хийсэн ажлыг авч хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөхийн зэрэгцээ дараа жилийн ажлыг төлөвлөн баталгаажуулж гишүүдэд хариуцуулан өгч хэрэгжүүлж ирсэн бөгөөд Цагаатгалн хуулийн хэрэгжилт явц, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдлын талаар холбогдох хүмүүсийн мэдээлэл, улирлын ажлын тайлан, мэдээ болон аймгийн хэмжээнд хэлмэгдэгчдийн өдрийг хэрхэн тэмдэглэх, зарим сумдын Цагаатгалын ажлыг шалгасан дүн болон үйл ажиллагааны явц байдлын талаар сонсгол мэдээлэл зэрэг асуудлуудыг хэлэлцэж тухайн үед холбогдох албан тушаалтанд тодорхой үүрэг чиглэл өгч хэрэгжүүлж ажиллаж ирсэн.
        Аймгийн комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг хэрэгжүүлэх талаар зохиож байгаа ажил, хэлмэгдэгчдийн өдөр угтсан ажлын хүрээнд зохиож байгаа ажлын явцын талаар байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагууд тодорхой мэдээлэл өгч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, сумдын удирдлагуудад мэдээлж, аймгийн радио, телевизийн нэвтрүүлгээр сурталчилсан нь иргэдэд тодорхой ойлголт өгч хуулийн хэрэгжилтийг хангахад зохих нөлөө үзүүлсээр ирлээ.
          Аймгийн ЦАУЗБ салбар комиссоос сумдын салбар комисстойгоо хамтран 18 сумдад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг  мөнхжүүлэх зорилгоор орон нутгийг судлах музейд хүндэтгэлийн булан байгуулж, улс төрийн хилс хэрэгт холбогдож цагаатгагдсан болон сураггүй алга болсон хүмүүсийн нэрсийг хүндэтгэлтэйгээр байрлуулж тэднийг дурсах мөнхжүүлэх, үнэн бодит мэдээллийг эрэн сурвалжилсан баримт материалуудыг бүрдүүлж тогтмол баяжуулан мөн сум болгонд байсан хүрээ, сүм хийдүүдийн туурь, суурь балгасуудыг тогтоон дурсгалын багана, самбарыг байрлуулан орон нутгийн тусгай хамгаалалтанд авсаны зэрэгцээ хүрээ, сүм, хийдүүдийн холбогдолтой түүхэн баримт материал, мэдээ мэдээллийг баримтжуулахын зэрэгцээ зарим сүм хийдүүдийг сүүлийн жилүүдэд сэргээн засварлаж аймгийн хэмжээнд байнгын ажиллагаатай болгох бодлого баримтлан ажиллаж ирсэн.
Тухайлбал: Тонхил сумын төвд байдаг “Гаадан равжайчойнхорлин” хийд буюу Усан зүйлийн хүрээ  Улсын түүхийн төв архивт хадгалагдаж байгаа “Засагт хаан аймгийн хан, ван, бэйл, бэйс, гүн засаг, хутагт номун хаан хошуу шавьд олон зүйл хурал, сургууль байгуулсныг тодорхойлон өргөх цэс “ хэмээсэн_ бичмэл эхэд “Жун ван Жалцангомбодоржийн хошуунд 1697 онд буй болсон Гаадан равжий хийд” гэж тэмдэглэжээ. Үүнээс үзвэл тус хийд нь одоогоос 323 жилийн өмнө үүссэн бөгөөд 1997 оноос сэргээн засварлаж одоо хэвийн ажиллаж байна.
         Тайшир сумын нутагт байдаг Нарванчин хутагтын хүрээ. Анх сайшаалт ерөөлтийн 7-р /1802/ оны хар нохой жил Нарванчин хутагт Агваанчойрогдашжамц дээдийн түмэн өлзий бататгах ном уншуулахаар Завхан голйн хойд зах Чандмана уулын өвөрт сүм хийд байгуулж, айлтгасанд “Соёлыг бадруулагч сүм” хэмээн нэр шагнажээ. Манжийн эзэн хаан хүсэлт тавьсны дагуу Нарванчин хийд оршиж байсан хошууг бие даасан шавь болгосон байна.
          Дилав хутагт Б.Жамсранжав, Нарванчин гэгээн Б.Пүрэвжав хоёрыг сууж байх он жилүүдэд тус шавь 400 орчим айл өрхтэй, 1800-гаад хүн амтайбайв. Одоо уг хийдийг Халимаг улсын “Дилав” хутагтын санаачлагаар “Дилав судлал”  төв ТББ-аас сэргээн засварлаж эхлээд байна.
        Говь-Алтай аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг бөөнөөр нь хоморголон устгасан гэх газруудыг олж тогтоох зорилгоор баримт материал цуглуулахад голдуу Завхан аймагт хүргэгдэж буудуулж байсан мэдээ баримт олддог бөгөөд аймгийн төвийн ойролцоох Есөнбулаг сумын “Шаврын голын Зүрх толгой” гэгч газар улс төрийн баримт материал болон малтлагаар олон хүмүүсин буудуулсан шарил олдсон бөгөөд 2006 онд уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гаргуулан тухайн газарт самбар, дурсгалын багана босгож хамгаалсан билээ. Уг газарт жил болгоны Хэлмэгдэгсдийн өдрөөр ЦАУЗБСК-ын гишүүд, сумын удирдлагуудын хамтаар очиж улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон билээ.
        Есөнбулаг сумын нутаг Зүрх толгой гэдэг газар 2013 онд Хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлэх гэрэлт суварга босгож хүндэтгэл үзүүлж байна.
Жил болгоны Хэлмэгдэгсдийн өдрийг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх талаар нилээдгүй ажлуудыг төлөвлөн хийсээр ирсэн. Тухайлбал: 2004 онд Алтай сумд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдэн хоригдож байсан ардын хувьсгалын партизан хурандаа Санжмятавын Занданд зориулсан дурсгалын хөшөөг босгосон.
         Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын оюутан сурагчдад хэлмэгдүүлэлтийн талаар тайлбарлан таниулах, нээлттэй хичээл явуулах, сүм хийдүүдээр буяны ном уншуулах, хөшөө суварганд цэцэг өргүүлэх, авто тээврийн хэрэгслийн гэрлийг асаалгаж хүндэтгэл үзүүлэх, амьд сэрүүн байгаа хэлмэгдэгсдэд, хэлмэгдэгсдийн гэр бүл, хүүхэд, төрөл төрөгсөдтэй уулзалт хийх, хэлмэгдэгсдийн талаарх материал бүрдүүлэхэд иргэдэд туслалцаа үзүүлэх, энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчлах зэрэг ажлыг төлөвлөн хийж гйүцэтгэдэг уламжлал тогтсон.
Энэ хугацаанд аймгийн комисс нийт 900 орчим хүнтэй биечлэн уулзаж, санал бодлыг сонсож, өргөдөл хүсэлтийг нь хүлээн авч, заавар зөвлөгөө өгч, шаардлагатай материалыг нь холбогдох газруудаас авч өгч туслан, тавьсан санал хүсэлтийг нь тухай бүрт нь шийдвэрлэж иржээ.
         Аймгийн хэмжээнд 1992 оноос хойш ЦАУЗБ салбар комиссоор дамжуулан нийт 438 өргөдөл, хүсэлт хүлээн авснаас 92 өргөдөл, хүсэлтийг Улсын Прокурорын ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газарт хэрэг материал нь байгаа эсэх талаар шалгуулахаар шилжүүлж, 40 өргөдөл, хүсэлтийг Улсын цагаатгалын комисс болон салбар комиссуудад хүргүүлж, 21 өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар холбогдох хүмүүст хариу мэдэгдэж ажиллаж байна.
         Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 259 хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг цагаатгуулан 251.5 сая төгрөгний нөхөх олговрыг холбогдох хүмүүст нь олгуулаад байгаа билээ.
Тухайлбал: Тухайн үеийн журмын дагуу хэлмэгдэгчийн үр хүххдүүдэд 500.0-1000.0 төгрөгийн нөхөх олговрыг олгож байсан бөгөөд Монгол Улсын Сангийн сайд, ЦАУЗБУК-ын хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу материалыг бүрдүүлэн төв комисст хүргүүлснээр тус аймгийн Дарив сумын харьяат хэлмэгдэгч Балжингийн Намсрайн эхнэр Пагважавын Баярт 2007 онд хашаа байшин худалдан авахад нь зориулж 3 сая төгрөгийг тухайн үеийн ЦАУЗБ салбар комиссоос гардуулан өгч байсан.
         1992 оноос хойш /мэдээгээр нэгтгэснээр /Үндэсний архивын газар, ТЕГ-ийн төв архиваас нийт хүний ам бүлийн магадлагааг авахаар материалыг явуулж, байгууллагуудаас 300 орчим албан бичгийг хүлээн авч шийдвэрлэн, холбогдох байгууллагуудад 2300 орчим албан бичгийг цаг тухай бүрт нь хүргүүлж ажилласан бөгөөд жил, улирлын тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргаж сүүлийн 2 жилийн хугацаанд аймгийн хэмжээний Цагаатгалын ажлын мэдээллийн санг бүрдүүлэн мэдээллийн түргэн шуурхай байдлыг хангахад чиглүүлэн ажиллаж байна.
          Мөн энэ хугацаанд Цагаатгалын ажлын талаар улс, аймгийн хэмжээнд телевизээр 40 удаа, сонингоор 52 удаа сурталчилгаа мэдээлэл хийж, бүсчилсэн болон сумдуудыг хамруулсан сургалт семинарыг 27 удаа хийсэн бөгөөд сумдад Цагаатгалын ажлыг шалгасан хяналт шалгалтыг 13 удаа хийжээ.
         Энэ 25 жилийн хугацаанд Говь-Алтай аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын үе үеийн дарга, нарийн бичгийн дарга нар гишүүд орон нутгийн хүрээнд Цагаатгалын хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэж ард, иргэдийн санал хүсэлтийг хуулийн дагуу шийдвэрлэж ирсэн байна.


Сэтгэгдэл ачааллаж байна ..