ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА БОЛОН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООДУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

2016-11-10 12:00

Аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг болон бусад холбогдох албаны хүмүүс аймгийн ИНБ, ТББ-ууд, мэргэжлийн холбоодуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж санал бодлоо солилцлоо. 


Иргэний нийгмийн байгууллагууд нь аливаа нийгмийн улс төрийн болон нийгмийн харилцааг хөгжүүлэгч, нийгмийн бүлэглэлүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд оролцох оролцоог идэвхжүүлэгч механизм болж өгдөг. Өөрөөр хэлбэл төр иргэн хоёрын холбогч гүүр болохыг тус  уулзалтын үеэр онцлоод Алтайн ард иргэдийн нийтлэг эрх ашиг, цаашид боломж бололцоогоо дайчлан,  харилцан уялдаатай хамтран ажиллах  “Алтайн хүн” гэсэн нэг эрмэлзлэл, үнэт зүйлийн төлөө нэгдэхэд ИНБ-уудын үүрэг оролцоо өндөр гэдгийг аймгийн ИТХ-ын дарга онцлон хэлсэн юм.



Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга аймгийн хэмжээнд  Төр, хувийн хэвшил, ИНБ-уудын гурвалсан хамтран ажиллах түншлэлийг гэрээг байгуулан, ТББ, ИНБ, Мэргэжлийн холбоодуудын дуу хоолой, тэдний хийж хэрэгжүүлж байгаа ажил байдалтай танилцах, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, аймгийн ИНБ-уудын Нэгдсэн Холбооны удирдлага, бүтцийг шинэчлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг өргөн хүрээнд авч үзэх томоохон хэмжээний зөвлөгөөнийг 11 дүгээр сарын 28-нд хийхээр төлөвлөж байгааг танилцуулав. 

Говь-Алтай аймгийн ТББ-уудын нэгдсэн зөвлөлийн Тэргүүн Я.Эрхэмбаяр энэ үеэр дээрх зөвлөгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг тэдний саналыг үндэслэн батлуулсан байна.

Уулзалтад хүрэлцэн ирсэн ИНБ-уудын төлөөллүүд санал бодлоо солилцон, зарим байгууллагуудаас дээрх зөвлөгөөнийг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэн, хамтарч ажиллахаа илэрхийлж байсан. Энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг ОУ-ын төслийн байгууллагуудад ИНБ-уудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, нягт хамтран ажиллахыг дэмжих тусгай хөтөлбөрүүд ч хэрэгждэгийг хэлж байлаа. 



 Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Хөрөнгө оруулалт, төсөв төлөвлөгөө батлагдах гэж байгаатай холбогдуулан төрийн зарим чиг үүргийг ТББ-уудаар хийж гүйцэтгүүлэх, тэдний саналыг тусгах, цаашлаад төрд хяналтын үүргийг ард иргэдийн нэрийн өмнөөс гүйцэтгэх ажилд идэвхийлэн оролцохыг уриалж Иргэний нийгэм төлөвших орчинг төр бий болгон зохицуулж өгөх үүргийн хүрээнд аймгийн ИНБ-уудын үйл ажиллагааг гадаад харилцааны тал дээр урагшлуулах, бодит үр дүнд чиглэсэн, шинэ шинэ санал санаачлагыг дэмжиж ажиллах, заал танхим, хурал цуглаан хийх орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 





Сэтгэгдэл ачааллаж байна ..