ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2014 ОНЫ ОНЦЛОХ 9-Н ҮЙЛ ЯВДЛЫГ ТОДРУУЛЛАА.

2015-01-05 15:44


2014 онд Говь-Алтай аймагт хийгдсэн ажлуудаас дараах ажлуудыг онцлон нэрлэж байна.

НЭГ. АЙМГИЙН ТҮҮХЭНД АНХ УДАА ЗАСГИЙН ЭРХ СОЛИГДЛОО
         2012 оны аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль иргэдийн сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус сонгууль болсон талаар бүх шатны Шүүхийн шийдвэр гарч, орон нутгийн сонгууль дахин зохион байгуулагдсанаар Говь-Алтай аймагт анх удаа Ардчилсан хүчин төр барьж эхэллээ. Энэ нь 1924 оноос хойш анх удаа Монгол Ардын намын гишүүн бус хүн аймгийг удирдах болсон явдал бөгөөд итгэлээ өгч сонгон, хийж бүтээж буй ажлыг нь дэмжин тусалж буй Алтайчуудтайгаа хамтран, аймгийн ирээдүйн хөгжлийн гарц уруу чиглэсэн ажлуудыг хийж гүйцэтгэхэд Ардчилсан намын удирдлагууд анхааран “Бидний Алтай” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн байна.

ХОЁР. ТҮҮХИЙН ОН ТООЛЛЫГ СЭРГЭЭН ТОГТООЛОО
        Аймаг байгуулагдсан хугацаа зөрүүтэй, аймаг нь сумдаасаа сүүлд байгуулагдсан  байдгийг цэгцлэх зорилгоор ахмадууд, судлаачдын саналыг үндэслэн Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, Үндэсний архивын газар, МУИС-ийн түүхийн тэнхим, “Цалиг” студитэй хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг 2014 оны 5 дугаар сард зохион байгууллаа.
    Тус хурлаар архивын баримт, эрдэмтдийн судалгааг үндэслэн Засагт хан аймаг байгуулагдсан 1558 он, Хантайшир уулын аймаг 1923 онд байгуулагдсаны үргэлжлэл гал голомт Говь-Алтай аймаг тул аймгийн түүхийг тухайн он жилээс эхлэн тоолохоор тогтоолоо. Ийнхүү аймгийн ИТХ-ын 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тогтоолоор аймгийн түүхийн он тооллыг сэргээн тогтоолоо. Энэ бол Монгол төрийн тулгуур 3 аймгийн нэг Засагт хан аймгийн гал голомтыг сахин сууж буй иргэдийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд бахархан омогших үйлс маань болсон хэмээн Алтайчууд дүгнэж байна.
        Энэ ажлын хүрээнд 14 сум 90 жилийн ойгоо тэмдгэлсэн бөгөөд ойгоо угтаж орон нутгийн хөгжлийн сан болон иргэдийнхээ оролцоотойгоор олон бүтээлч,  бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

ГУРАВ. ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ
            Алтай хотод 4 км хатуу хучилттай автозам шинээр ашиглалтад орууллаа.
Алтай хот түүхэн хөгжлийн явцад ердөө 15 км хатуу хучилттай автозамтай байсныг 1 жилийн хугацаанд 4 км-ээр нэмэгдүүлж, энэ ажилд 2,8 гаруй тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд 3,8 км автозамын ажлыг концессын гэрээгээр эхлүүллээ.
         Алтай хотод 11460 м2 талбай бүхий 360 гаруй авто машины хатуу хучилттай авто зогсоолыг 648,5 сая төгрөгийн санхүүжилтээр хийж гүйцэтгэлээ. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд орон нутгийн хөгжлийн сангаас 206,9 сая, орон нутгийн замын сангаас 199,8 сая, хувийн хөрөнгө оруулалтаар 177,7 сая төгрөгийг зарцууллаа.
            Алтай хотод 6,5 км явган хүний болон дугуйн замыг ашиглалтад орууллаа
Алтай хотод нийт 6523 м явган хүний болон дугуйн замыг 537,8 сая төгрөгийн санхүүжилтээр ашиглалтад орууллаа. Тодруулбал: Баянхайрхан багт 2791 м, Баяншанд багт 1380 м, Жаргалант багт 500 м, Харзат багт 1852 м явган хүний зам болон 652 м асфальтбетон хучилттай дугуйн замууд хийж гүйцэтгэлээ.
Алтай хотын нийтийн орон сууцнуудын өнгө үзэмжийг сайжрууллаа
         Иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, хотын төвийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор Алтай хотын нийтийн 10 орон сууцны гадна засвар, 5 орон сууцны  дээврийн засварын ажлыг 274,3 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.
         Мөн энэ онд нийтдээ 133 амбаар, 18 граж, 21 хашаа, 1 дэлгүүрийн газрыг чөлөөлж, нийтийн орон сууцны зориулалттай 19 байрны хаалгануудыг кодтой төмөр хаалгаар шинэчилж, орц, гадна талбайг гэрэлтүүлэгтэй болголоо.
Хотхон байгуулж эхэллээ
           Алтай хотод нийтийн орон сууцны байруудын орчныг тохижуулан хотхоны зохион байгуулалтад оруулах ажлыг эхлүүллээ. Баянхайрхан багийн 3, 4, 8, 9, 18 прокурорын орон сууцны байруудыг хотхоны зохион байгуулалтад оруулан, стандартын шаардлага хангасан хашаа, авто зогсоолуудтай болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ.

Алтай хотын гудамж, зам талбайн телекамерын хяналтын системийн хүчин чадлыг нэмэгдүүллээ.

            Гэмт хэрэг, эрх зүйн зөрчлийг бууруулах зорилтын хүрээнд Алтай хотын гудамж, зам талбайг телекамерын хяналтын системтэй болгох ажлыг үргэлжлүүлж энэ онд аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 50,0 сая, Есөнбулаг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 92,5 сая, нийт 142,5 сая төгрөгийн санхүүжилтээр аймгийн төвийн хөдөлгөөн ихтэй 8 цэгт 24 камер шинээр суурилуулсанаар Алтай хотод нийт 16 цэгийн 43 камер ажиллаж, иргэдийн орон байрны хулгайн гэмт хэрэг болон зам тээврийн ослын илрүүлэлт нэмэгдэж байна.

Алтай хотын үерийн хамгаалалтын байгууламжийг сэргээн засварлалаа
       Алтай хотод болсон гэнэтийн үер усны гамшгийн улмаас эвдэрсэн үерийн байгууламжийг сэргээн засварлах ажлыг аймгийн төвийн төрийн байгууллагуудын албан хаагчид хийж гүйцэтгэлээ. Алтай хотыг үер, усны аюулаас хамгаалах ажлын хүрээнд 6,2 км даланг шинээр хийж, 2,5 км үерийн байгууламжийг сэргээн засварлахад гамшгийн сангаас 22,3 сая төгрөг зарцууллаа. Мөн Баянхайрхан багийн явган хүний замын дагуух үерийн байгууламжийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 7,9 сая төгрөгийн хөрөнгөөр сэргээн засварласан бөгөөд энэ ажлыг дүйцүүлэх албаны цэргүүд хийж гүйцэтгэлээ. Ингэснээр Алтай хотыг үерийн аюулаас хамгаалах нөхцөл бүрдлээ.

ДӨРӨВ. АЛТАЙЧУУД ЭРҮҮЛ УСААР ХАНГАГДАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
        Аймгийн хэмжээнд фторын агуулга эрүүл ахуйн зохимжит хэмжээнээс багассан, магни ихтэй шаардлага хангахгүй ундны усыг хүн амын 90,6 хувь нь хэрэглэсээр ирснийг анагаахын шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар тогтоосон байдаг. Иймд хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах ажлыг иргэдийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан шийдвэрлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж байна.
       Алтай хотын иргэдийг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах “Эрүүл ус” төслийг орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Тус төслийн хүрээнд Тайшир сумд усны хайгуулын судалгаа явуулж, үйлдвэрлэлийн 2 гүний цооног гарган, үйлдвэрийн байр болон ус түгээх цэгүүдийг барьж, 6 ширхэг усны машин худалдан авч эрүүл усыг айл бүрт хүргэхэд бэлэн болоод байна. Төслийн хэрэгжүүлэгчээр “Говь-Алтай аймгийн эрүүл ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар ажиллаж байна.
        Энэ төслийг хэрэгжүүлж, хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж ашиглан гаргасан Завхан голын сав газрын эрүүл усыг айл болгонд хүргэснээр хүн амын элэг цөсний болон дотоод шүүрлийн өвчлөл 20 орчим хувиар, нас баралт 12 хувиар буурна гэсэн судалгааны дүнг эрдэмтэн, судлаачид гаргасан байна.

ТАВ. ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЛЭЭ
      Алтай хотын 1985 оноос хойш ямар нэгэн засвар шинэчлэлт хийгдээгүй, ашиглалтын хугацаа дууссан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, хуваарилах байгууламжийг улсын төсвийн 350,0 сая төгрөгөөр өргөтгөж, бүрэн шинэчлэлт хийлээ.
           Мөн Алтай хотын төвд 160 кв-ын хүчин чадалтай 6/0,4-ийн дэд станц,  800 метр 6кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил,  250 кв-ын чадалтай 6/0,4 –ийн дэд станц, 210 метр 0,4-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлуудыг хийж гүйцэтгэснээр хэрэглэгчдэд хүрэх цахилгаан эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, найдвартай байдлыг хангалаа.
          Шарга, Жаргалан, Чандмань, Баян-Уул сумууд сумын орон нутгийн хөгжлийн сан болон иргэдийн хандив тусламжийн хөрөнгөөр дэд станц, шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
   Ёлтон-Цээл чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг ашиглалтад оруулж, Цээл сумыг цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болголоо.
    Бугат сумын Биж багт 60 квт-ын бага оврын нарны цахилгаан станцыг суурилууллаа.

ЗУРГАА. 1000 АЙЛЫН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АЛТАЙ ХОТОД   БАРИГДАХ “СОЛОНГО” ХОРООЛЛЫН ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОЛОО

    1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Алтай хотын Баянхайрхан багт баригдах орон сууцны “Солонго” хороолол нь 50 га газрыг хамарсан 5 давхар, 24 блок бүхий 1000 айлын орон сууц, бусад барилга байгууламжуудыг багтаасан иж бүрэн стандарт цогцолбор хороолол болох бөгөөд 2015 оны 04 дүгээр сараас эхлэн 250 айлын орон сууцыг барихаар төлөвлөөд байна.
         “Солонго” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэц, эхний ээлжинд баригдах 250 айлын орон сууцны барилга, автозамын зураг төслийг орон нутгийн хөгжлийн сангийн 246,7 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ.  
      “Солонго” хорооллын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын угсралтын ажлыг аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 275,0 сая төгрөгөөр "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК хийж гүйцэтгэлээ.
      Уг хорооллын ариутгах татуургын 1,3 км шугамын ажлыг "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ гүйцэтгэн ашиглалтад оруулж, дулаан, цэвэр усны шугамын ажлыг "Мандал голомт" ХХК  гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 70 хувьтай байна.

ДОЛОО. НЭЭЛТТЭЙ ИЛ ТОД, ИРГЭДИЙНХЭЭ САНАЛ ХҮСЭЛТИЙГ СОНСДОГ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЛЭЭ


Өргөдөл гомдлынцахим системд холбогдлоо
           Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх цахим систем нэвтрүүлэх ажлыг орон нутгийн төсвийн 19,9 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Ингэснээр иргэд www.70481111.mn цахим хуудсаар өргөдөл, гомдол, санал хүсэлтээ төрийн байгууллагуудад хандан барагдуулах бүрэн боломжтой боллоо.

Иргэдээ сонсох 70481111 утас танд нээлттэй боллоо
       Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж шийдвэрлэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газарт иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах 7048-1111 дугаарын “Нээлттэй утас”-ыг энэ оны 03 дугаар сараас эхлэн тогтмол ажиллуулж байна. Тус утсаар давхардсан тоогоор 970 гаруй иргэний санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган, шийдвэрлэн ажиллаж байна.

Иргэдэд санхүүгийн тайлангаа ил тод мэдээлдэг боллоо
             Иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн хяналтыг бий болгон, авлигаас ангид байж, хууль дүрмийг биелүүлж ажиллахын тулд сар бүр төсөвт байгууллагууд санхүүгийн тайлангаа иргэдэд нээлттэй ил тод тавьж хэвшлээ.

НАЙМ. “ОНОШИЛГООНЫ ТӨВ”-ТЭЙ БОЛЖ, ОРОН НУТАГТАА ОНОШЛУУЛАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ


      Хүн амд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Нэгдсэн эмнэлгийг 14 нэр төрлийн 2,0 тэрбум гаруй төгрөгийн дурангийн болон оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий “Оношилгооны төв”-тэй болгосноор иргэдийн гадаад, дотоодод эмчилгээнд явахад гарах зардал багасч, цаг хугацаа алдахгүй оношлуулах боломж бүрдлээ. Нэгдсэн эмнэлэгт шинээр байгуулагдсан “Оношилгооны төв”-д нарийн мэргэжил эзэмшсэн 12 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна.

ЕС. “АНГЛИ ХЭЛИЙГ-АЛТАЙДАА”ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

      “Англи хэлийг-Алтайдаа” төслийн хүрээнд гадаад улсад суралцах багш нарын сонгон шалгаруулалтыг зохион байгуулж Австрали улсад 5 багш, 4 сурагч, АНУ-д 3 багш, Англи  улсад 3 багш, Фижи улсад 5 багшийг  суралцуулахаар боллоо.
       Энэ оны 8 дугаар сард Цээл сумын багш Ц.Алтантуяа, Төгрөг сумын багш Ч.Эрдэв, Баян-Уул сумын багш П.Отгонбаяр, Есөнбулаг сумын 1-р сургуулийн багш Ж.Энхзаяа, 2-р сургуулийн багш Э.Нямцэцэг нар Фижи улсад  45 хоногийн сургалтад хамрагдлаа.


                                                        
                                                                                       Эх сурвалж: www.govi-altai.gov.mn


Сэтгэгдэл ачааллаж байна ..